Мэдээ

МОНГОЛ УЛС “Ногоон, хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэр танилцуулж, ЦХИХХЯ-тай АЙ СИ ТИ ГРУПП ХК харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-02

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Ногоон, хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компаниуд болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудад албан ёсоор танилцууллаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн бөгөөд Монгол Улсын өргөн уудам газар нутаг, сэрүүн хуурай уур амьсгал, нар салхины арвин нөөц нь ногоон дата төв хөгжүүлэх чухал давуу тал болж буйг онцлоод, олон улсын түншүүдийг хамтран ажиллаж, технологи, туршлагаа хуваалцан, хөрөнгө оруулахыг урьсан юм.

Энэ үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, АЙ СИ ТИ ГРУПП ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хатанболд нар төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, экспортлох, өндөр хүчин чадалтай тооцооллын төв байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн зорилгын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана.

Үүнд:

  1. Үндэсний хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээ, судалгаа хөгжүүлэлтэд шаардлагатай өндөр хүчин чадалтай тооцооллын дэд бүтцийг бий болгох;
  2. Төрийн байгууллагын өгөгдөл, их өгөгдөл болон хиймэл оюуны технологийг ашиглах боломжийг судалж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, үйлчилгээг хөгжүүлэх;
  3. Хиймэл оюуны дата төв байгуулахад шаардлагатай хууль, эрх зүй, бодлогын таатай орчныг бүрдүүлэх, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын технологийн болон стратегийн түншүүдтэй хамтран ажиллах боломжийг дэмжих;
  4. Сэргээгдэх болон цэвэр эрчим хүч ашиглах, эрчим хүчний үр ашигтай технологи нэвтрүүлэх замаар ногоон, тогтвортой дата төвийн шийдлийг хөгжүүлэх;
  5. Монгол Улсад хиймэл оюуны технологи, дата төв, тооцооллын дэд бүтцэд түшиглэсэн шинэ бизнес, инновац, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, төрийн байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллахад чиглэгдэнэ.