
Програмчлалын ертөнцөд бэлгэдлийн утгатай 256 буюу 2⁸ тооноос үүдэн жил бүр жилийн 256 дахь өдөр “Олон улсын программистуудын өдөр”-ийг тохиолдуулан АйСиТи Групп ХК нь ВиКэйЭнСи ХХК-тай хамтран DEV2SEC CTF 2026 тэмцээнийг 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээн нь группийн хэмжээнд аюулгүй хөгжүүлэлтийн соёлыг төлөвшүүлэх, систем хөгжүүлэгчдийн кибер аюулгүй байдлын мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хөгжүүлэлтийн өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг болгох сэтгэлгээг дэмжих зорилготой.
2026 оны 4 дүгээр сард зохион байгуулсан анхны DEV2SEC CTF арга хэмжээний үргэлжлэл болсон энэ удаагийн тэмцээнд 10 компанийн 16 багийн 45 хөгжүүлэгч оролцож, кибер аюулгүй байдлын бодит сорилтуудаар мэдлэг, ур чадвар, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадвараа сорилоо.
Тэмцээн 4 цагийн турш үргэлжилж, оролцогчид Jeopardy CTF болон Secure Coding Challenge гэсэн хоёр үндсэн төрлийн даалгаврыг гүйцэтгэлээ.
Jeopardy CTF даалгаврын хүрээнд оролцогчид веб системүүдэд дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлэн FLAG олох замаар оноо цуглуулсан бол Secure Coding Challenge-ийн хүрээнд систем болон эх кодод дүн шинжилгээ хийж, эмзэг байдлыг тодорхойлон, түүнийг зөв засварлах ур чадвараа сорьсон юм.
Эдгээр даалгавар нь оролцогчдод аюулгүй байдлын асуудлыг зөвхөн илрүүлэх бус, түүний шалтгаан, нөлөөллийг ойлгож, хөгжүүлэлтийн түвшинд зөв шийдвэрлэх дадлыг практикт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
DEV2SEC CTF 2026-ийн шилдгүүд
Дөрвөн цагийн турш үргэлжилсэн өрсөлдөөний эцсийн дүнгээр:
🥇 I байр — Астериск Техноложис ХХК-н zoozpwned баг
🥈 II байр — АйСиТи Групп ХК-н 0x2 баг
🥉 III байр —И клиник ХХК-н h2o баг
DEV2SEC CTF-ийн үнэ цэнэ нь зөвхөн шилдэг багийг тодруулахад бус, хөгжүүлэгчдэд кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадвараа бодит сорилт, практик туршлагаар бататгах, бие биеэсээ суралцаж, мэдлэг туршлагаа хуваалцах, улмаар аюулгүй хөгжүүлэлтийн сайн туршлагыг өдөр тутмын ажилдаа хэвшүүлэх юм.
Цаашид DEV2SEC CTF-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг багаа тодруулан, Шилдгийн цомыг Ай Си Ти Группийн бүрэлдэхүүн компаниудын дунд шилжүүлэн эзэмшүүлэх уламжлалыг бий болгохоор төлөвлөж байна.
DEV2SEC CTF 2026-д мэдлэг, ур чадвараа сорин оролцсон нийт хөгжүүлэгчид, тэмцээнийг хамтран зохион байгуулсан ВиКэйЭнСи ХХК-ийн хамт олон болон зохион байгуулалтад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.