Дэлхийн цар тахлын нөлөөгөөр бүхий л салбаруудад их багагүй өөрчлөлтөд орсноос эрүүл мэндийн салбар хамгийн их өөрчлөлт, шинэчлэлтэй нүүр тулсан нь маргаангүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн байдал, эрэлт хэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдал, шаардлагатай тоног, төхөөрөмж, техник технологид ихээхэн дэвшил гарч байгаа тул эрүүл мэндийн салбар илт давуу дэвшин хөгжсөөр байна.
Эрүүл мэндийн салбар дах технологийн дэвшил, шинэчлэлийн гол зорилго нь эмнэлэгүүдийн одоогийн системийг оновчтой болгох, эмчийн ажлын чиг үүргийг нарийн чиглүүлэх, өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээг бүхэлд нь сайжруулах, хүний үйлдлээс үүдэх санамсаргүй алдааг багасгах явдал юм. Энэ зорилгын хүрээнд эрүүл мэндийн салбар дах технологийн хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
Их өгөгдөл /Big Data/
Их өгөгдөл нь өдөр тутмын байнгын давтагддаг үйл явцыг оновчтой болгож, өвчтөний тусламж үйлчилгээнд саатал үүсгэж болзошгүй цоорхойг илрүүлж, сэрэмжлүүлэхэд тусалдаг. Мөн тоон өгөгдлийг хэмжиж, эмнэлгүүдэд зах зээлээ илүү сайн ойлгоход тусалдаг. Эрүүл мэндийн салбарын хувьд их өгөгдөл нь дараах байдлаар нөлөөлнө.
Эмнэлгийн боловсон хүчнийг сайжруулах – Тухайн эмнэлгийн өнгөрсөнд үүссэн өгөгдлийн үндэслэн одоо болон ирээдүйн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад ашиглах чанартай мэдээллийг боловсруулахад тусалдаг. Уг үр дүнд үндэслэн эмнэлэгт хандах өвчтөнүүдийн тоонд хүрэлцэхүйц боловсон хүчин, нөөцийг илүү сайн бэлдэж, хуваарилах боломжийг олгодог. Энэ нь яаралтай тусламжийн тасгийн хүлээх хугацааг багасгаж, мөнгөн урсгалыг хэмнэж, тусламж үйлчилгээ, эмчилгээний үйл ажиллагааны чанарыг нөлөөлдөг.
Эмнэл зүйтэй холбоотой алдаа багасна – Өвчтөний бүртгэлийн санг үнэн зөв бүрдүүлж, түүнд суурилсан өгөгдлийн дүн шинжилгээг хийж, эмийн жор болон өвчтөний эрүүл мэндийн хооронд гарч буй аливаа алдаа, цоорхойг илрүүлэх боломжтой. Энэ нь жорын дагуу эм, эмийн бүтээгдэхүүний олголтод алдаа гарах эрсдэлийг бууруулж, эмч нарт урьдчилан мэдэгдэх болно.
Урьдчилан сэргийлэх тусламж – Яаралтай тусламжийн тасагт ирж буй хүмүүсийн дийлэнх хувь нь өмнө нь дуудлага өгсөн өвчтөнүүд байдаг. Тиймээс их өгөгдлийн тусламжтайгаар өвчтөний өвчний түүх дээр үндэслэн эмнэлэгт давтан ирэх үзлэгийн давтамжийг зөв тодорхойлж хэрэгцээгүй үзлэг, зардлыг бууруулахад тусална.
Ухаалаг аппликейшн ба нэмэлт төхөөрөмж
Дэлхийн даяар эмнэлгийн салбар дах аппликейшний зах зээл 2017 онд 7,859,4 сая ам.доллар байсан бол 2023 он гэхэд 27,255,6 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. Өнөөдөр эрүүл мэндийн компаниуд идэвхтэй ажиллаж, өвчтөнийг эрүүл мэндийн талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллээр хангах, аливаа эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх боломжтой өдөр тутмын биедээ авч явах, зүүх боломжтой технологид хөрөнгө оруулж байна. Жишээ нь:
- Хөдөлгөөн хянагч
- Калор хэмжигч
- Зүрхний цохилт мэдрэгч
- Хөлс хэмжигч /Ихэвчлэн чихрийн шижин өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээг хянах зорилгоор ашигладаг/
- Оксиметр /Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянагч. Энэ төхөөрөмж нь Ковид-19 тахлын үед хэрэглээ нь нэмэгдсэн. Ихэвчлэн амьсгалын замын өвчтэй хүмүүс хэрэглэдэг/
Виртуал байдлыг ашиглан тусламж үйлчилгээ үзүүлэх
“Судалгаанаас харахад өвдөлт нь тархинд үргэлж мэдрэгддэг болохоос биеийн хэсэгт биш. Эрүүл мэндийн салбарт технологийн ач холбогдлын талаар ярихад виртуал бодит байдал (VR) онцгой байр суурь эзэлдэг болох нь нотлогдсон.
Судалгаагаар дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон виртуал бодит байдлын зах зээл 2018 онд ойролцоогоор 850 сая ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд 2025 он гэхэд 5,115 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна. Виртуал бодит байдал нь зөвхөн өвчтөнд туслахаас гадна мэс заслын эмч нарт нарийн төвөгтэй мэс заслыг илүү сайн төлөвлөхөд тусалдаг. Мөн эмч нар ур чадвараа дээшлүүлэхэд (VR) технологи давуу талыг бий болгож байна.
Блокчэйн ба эрэлт
Блокчэйн технологи нь мэдээллийн санг компьютерын сүлжээгээр дамжуулан түгээдэг бөгөөд эмнэлгүүдийн санхүүгийн бүртгэл, өвчтөний өвчний түүх, эрүүл мэндийн цахим бүртгэлийг үнэн зөв, аюулгүй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас харахад эрүүл мэндийн зах зээл дэх блокчэйн 2023 он гэхэд 890.5 сая долларт хүрэх төлөвтэй байна. Тиймээс эрүүл мэндийн экосистемийг бүрдүүлэгч компаниуд энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгаа нь гайхах зүйл биш юм.
Теле-эрүүл мэндийн гайхамшиг
2020 онд Ковид-19 – ын үед өвчтөний оношилгооны шинэ аргыг нэвтрүүлсэн нь теле эрүүл мэндийн үйлчилгээ юм. Теле-эрүүл мэнд нь дижитал мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алсаас авах, болон эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн цогц байдлаар удирдах явдал. Тус технологи дэлхий дахинд тэргүүлэх томоохон байр суурийг эзлээд байгаа билээ.
Эрүүл мэндийн салбар, технологи хоорондын хамаарал хурдацтай хөгжиж байгаа энэ үед оновчтой шийдвэр гаргаж ирээдүйдээ зөв хөрөнгө оруулалт хийн, их өгөгдөл, эрүүл мэндийн аппликейшн төхөөрөмж, виртуал орон зай, блокчэйн, теле-эрүүл мэнд болон бусад технологийн дэвшлийн ачаар дэлхийн өнцөг булан бүрт эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид өвчтөнтэйгээ алсаас харилцах, өвчтөний эрүүл мэндийг алсаас оношлох, хянах, эмчлэх боломжтой болж эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгосоор байна.