Блог

Хиймэл оюуны индекс тайлан 2023

2023-05-25

Хиймэл оюуны хувьсгал

Хиймэл оюуны хөгжил жил ирэх тутам эрчимжэж байгаа нь OpenAI компанийн ChatGPT ба DALL-E болон Google Bard гэх мэт хиймэл оюуны моделиуд хэрэглээнд нэвтэрч олон нийтийг гайхшируулж байгаагаас илт харагдаж байна. Гэсэн хэдий ч хиймэл оюун технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байгаа нь хэсэг бүлэг хүмүүс, байгууллагуудыг гайхширлаас илүү айдаст автуулж, эргэлзээ төрүүлсээр.

Түүнчлэн Элон Маск, Стив Возняк, Юваль Ной Харари зэрэг нэр хүндтэй, олны танил хүмүүс гарын үсэг зурсан нээлттэй захидалдаа GPT-4-ээс илүү хүчирхэг хиймэл оюун хөгжүүлэхийг зургаан сарын хугацаатайгаар зогсоохыг хүсчээ. (https://futureoflife.org/open-letter/pause-giant-ai-experiments/)

Ээдрээтэй энэ үед Станфордын Их Сургуулийн Хүн төвтэй хиймэл оюуны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хиймэл оюуны индекс” судалгааны тайлангийн ээлжит хувилбар нийтлэгдэн гарчээ. Уг тайланд хиймэл оюуны хөгжил, хэрэглээ, хууль эрх зүйн орчин гээд олон талаас нь дүгнэжээ. Тайлангийн зорилго нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаачид, сэтгүүлчид болон олон нийтэд хиймэл оюун хэмээх төвөгтэй талбарын талаар илүү нарийвчилсан ойлголтыг өгөхийн тулд сайтар шалгагдсан, шударга, өргөн эх сурвалжтай мэдээллээр хангах явдал хэмээжээ. (https://aiindex.stanford.edu/report/)

Хиймэл оюуны индекс 2023

Хиймэл оюун хөгжүүлэхэд илүү их нөөц шаардлагатай

2014 он хүртэл хамгийн дэвшилтэт хиймэл оюуныг их дээд сургууль, судалгааны хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд хөгжүүлдэг байв. Түүнээс хойш хиймэл оюуны чадамжаараа аж ахуйн нэгжүүд ноёрхох болжээ. 2022 онд гэхэд дээрх судалгааны байгууллагууд ач холбогдол бүхий гуравхан хиймэл оюуны модель хөгжүүлсэн бол технологийн томоохон компаниудаас бүрдсэн аж ахуйн нэгжүүд нэн чухал 32 хиймэл оюуны модель хөгжүүлжээ.  Хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун бий болгоход асар их хэмжээний өгөгдөл, тооцоолох хүчин чадал, хөрөнгө мөнгөний нөөц шаардагдах болсон бөгөөд ашгийн бус болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай харьцуулахад хувийн аж ахуйн нэгжүүд илүү их нөөц, бололцоотой байгааг харуулж байна.

Зураг 1. Чухал ач холбогдол бүхий хиймэл оюуны системийн тоо, байгууллагын төрлөөр.

Хиймэл оюун хөгжүүлэх өртөг ихэссээр байна

Олны дунд хүний хэл ойлгох чадамжаараа шуугиан тарьсан ChatGPT зэрэг хэлний том моделиудын хэмжээ болон өртөг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Жишээ нь 2019 онд гарч байсан OpenAI компанийн GPT-2 гэх модель 1.5 тэрбум параметртэй, сургахад 50,000 ам.долларын өртөгтэй байсан бол 2022 онд гарсан Google компанийн PaLM гэх модель 540 тэрбум параметртэй ба зөвхөн сургахад (тооцоолон бодох тоног төхөөрөмжийн зардал) 8 сая долларын өртөгтэй байжээ. Моделиуд илүү том болж, боловсруулахад илүү үнэтэй болж байгааг харуулж байна.

Зураг 2. Хиймэл оюуны систем хөгжүүлэх өртөг

Хиймэл оюуны зохисгүй хэрэглээ ихсэж байна

Хиймэл оюуны зохисгүй хэрэглээтэй холбоотой тохиолдлыг бүртгэдэг AIAAIC (Алгоритм ба автоматжуулалтаас үүдсэн зөрчил, маргааны бүртгэл) мэдээллийн сангийн мэдээлснээр 2012 оноос хойш хиймэл оюунтай холбоотой зөрчил, маргааны тоо 26 дахин өссөн байна. 2022 онд болсон зарим онцлох үйл явдлуудад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бууж өгч буй хуурамч бичлэг тархсан болон АНУ-ын шоронгууд хоригдлууд дээр дуудлага хянах технологи ашигласан зэрэг оржээ. Ийнхүү зохисгүй хэрэглээ өсөж байгаа нь хиймэл оюун технологийг илүү ихээр ашиглаж байгаагийн нотолгоо бөгөөд мөн хиймэл оюуныг хэрхэн буруугаар ашиглаж болохыг харуулж байнa.

Зураг 3. Хиймэл оюунтай холбоотой зөрчил, маргааны тоо

AI-тай холбоотой мэргэжлийн ур чадварын эрэлт бүх аж үйлдвэрийн салбарт нэмэгдэж байна.

АНУ-ын бүх салбарт (хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурыг эс тооцвол) хиймэл оюунтай холбоотой ажлын байрны зарын тоо дунджаар 2021 онд 1.7% байсан бол 2022 онд 1.9% болж өссөн байна. АНУ-ын ажил олгогчид хиймэл оюунтай холбоотой ур чадвартай ажилчдыг хайх нь нэмэгдсээр байгаа нь байгууллагууд үйл ажиллагаандаа хиймэл оюуныг ашиглах нь эрс нэмэгдсэн шууд холбоотой. 2022 онд бизнесийн байгууллагын хиймэл оюуны түгээмэл хэрэглээнд үйл ажиллагааны сайжруулалт (24%), хиймэл оюунд суурилсан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт (20%), хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүний сайжруулалт (19%), борлуулалт маркетингийн дүн шинжилгээ (19%), дэмжлэгийн үйлчилгээний дүн шинжилгээ (19%) зэрэг багтжээ.

Зураг 4. Хиймэл оюунтай холбоотой ажлын байрны зарын эзлэх хувь

Сүүлийн арван жилд анх удаа хиймэл оюунд оруулсан хөрөнгө оруулалт буурчээ

2022 онд хиймэл оюунд оруулсан нийт хөрөнгө оруулалт 91.9 тэрбум ам.доллар байсан нь 2021 онтой харьцуулахад 26.7 хувиар буурсан байна. Түүнчлэн хиймэл оюунтай холбоотой шинэ бизнесийн тоо мөн адил буурсан байна. Гэсэн хэдий ч сүүлийн 10 жилийн хугацаанд хиймэл оюунд оруулсан хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэн.

Зураг 5. Хиймэл оюунд оруулсан хөрөнгө оруулалт, тэрбум ам.доллараар.

Хиймэл оюун нэвтрүүлсэн компаниуд нэмэгдсээр байна.

McKinsey-ийн жил бүр явуулдаг судалгааны үр дүнгээс үзэхэд 2022 онд үйл ажиллагаандаа хиймэл оюун нэвтрүүлсэн компаниудын эзлэх хувь 2017 оноос хойш хоёр дахин өсөж 50-60 хувь хүрчээ. Хиймэл оюун нэвтрүүлсэн байгууллагууд зардал нь мэдэгдэхүйц буурч, орлого дагаж нэмэгдэж байгааг дурджээ.

Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь хиймэл оюуныг бизнесийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үздэг болжээ. Тодруулбал, хиймэл оюуны шийдлүүд бизнесийн амжилтад хэр чухал болохыг асуухад 94 хувь нь маш чухал, 5 хувь нь чухал, 1 хувь нь чухал биш гэж хариулжээ.

Зураг 6. Хиймэл оюун үйл ажиллагаандаа нэвтрүүлсний гол үр дүнгүүд

Бодлого боловсруулагчид хиймэл оюуныг нарийн ажиглаж байна

127 орны хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд “хиймэл оюун” гэсэн утга агуулсан батлагдсан хуулийн төслүүдийн тоо 2016 онд 1 байсан бол 2022 онд 37 болж өссөн байна. 2016 оноос хойш 2022 он хүртэлх 81 орны парламентийн хурлын тэмдэглэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд хурлын үеэр “хиймэл оюун” даруй 6.5 дахин илүү дурдагдах болжээ.

Мөн улс орны хэмжээнд хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх бодлогын баримт бичиг буюу “Үндэсний хиймэл оюуны стратеги”-ийг нийт 62 улсын засгийн газрууд боловсруулаад байгаа аж.

Зураг 7. Хиймэл оюунтай холбоотой батлагдсан хуулийн төслийн тоо, улсаар.

Хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хамгийн эерэг сэтгэгдэлтэй хүмүүсийн тоонд Хятадын иргэд багтдаг.

Хиймэл оюун нь нийгэмд томоохон өөрчлөлт авчрах нь тодорхой биз ээ. Тиймээс хиймэл оюуны талаарх олон нийтийн хандлагыг ажиглах нь улам бүр чухал болж байна. Олон нийтийн санал бодол, чиг хандлагыг илүү сайн ойлгосноор хиймэл оюуныг хөгжүүлэх, зохицуулах, ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад нөлөөлнө.

2022 оны IPSOS-ын түүвэр судалгаагаар Хятадын иргэдийн 78 хувь нь хиймэл оюун ашигласан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сул талаасаа илүү давуу талтай, ашиг тус үзүүлдэг гэж хариулжээ. Харин эсрэгээрээ Америк иргэдийн 35 хувь нь хиймэл оюун ашигласан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сул талаасаа илүү давуу талтай, ашиг тус үзүүлдэг гэдэгтэй санал нийлжээ. Энэ нь хиймэл оюуны талаарх олон нийтийн хандлага улс орон болгонд харилцан адилгүй байгааг харуулж байна.

Зураг 8. Хиймэл оюуны талаар эерэг хандлагатай иргэдийн эзлэх хувь, улсаар.

Мэдээлэл бэлтгэсэн: Т. Доржням / Ай Си Ти групп ХК Ахлах R&D инженер /