Мэдээ

АЙ СИ ТИ ГРУПП ХК ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээгээ дахин баталгаажууллаа

2026-08-10

АЙ СИ ТИ ГРУПП ХК нь ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартын дахин баталгаажуулалтын хөндлөнгийн аудитыг амжилттай давж, стандартын гэрчилгээнийхээ хүчинтэй байдлыг дахин баталгаажууллаа.

Манай компани 2023 онд Канад улсын Standards Council of Canada (SCC)-ийн итгэмжлэлтэй Энэтхэг улсын QFS Management Systems LLP баталгаажуулалтын байгууллагаас ISO/IEC 27001:2013 стандартын гэрчилгээг анх авсан. Үүнээс хойш мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо тогтвортой хэрэгжүүлж, жил бүрийн хяналтын аудитуудад амжилттай хамрагдан, тогтолцооны үр нөлөө болон мэдээллийн аюулгүй байдлын хяналтын арга хэмжээг тасралтгүй сайжруулж ирсэн.

Энэ удаагийн дахин баталгаажуулалтын аудитын үр дүнд АЙ СИ ТИ ГРУПП ХК нь QFS Management Systems LLP байгууллагаас ISO/IEC 27001:2022 стандартын олон улсын гэрчилгээгээ шинэчлэн авч, Монгол Улсын МонСертф ХХК-аас мөн тус стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.

ISO/IEC 27001:2022 нь байгууллагын мэдээллийн хөрөнгийн нууцлал (confidentiality), бүрэн бүтэн байдал (integrity) болон хүртээмж (availability)-ийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр удирдахад чиглэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн стандарт юм. Тус стандарт нь зөвхөн техникийн хамгаалалтаас гадна байгууллагын засаглал, хүний нөөц, бизнесийн үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн орчинтой холбоотой эрсдэлийг цогцоор нь удирдах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэдэг.

Дахин баталгаажуулалтын аудитын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилт, эрсдэлийн удирдлага, хамгаалалтын хяналтын арга хэмжээ, холбогдох хууль тогтоомж болон зохицуулалтын шаардлагын нийцэл, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ болон тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагааг иж бүрэн үнэлж, ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулсан.

Энэхүү дахин баталгаажуулалт нь АЙ СИ ТИ ГРУПП ХК мэдээллийн аюулгүй байдлыг байгууллагын засаглал, өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж, эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдлын хяналтын арга хэмжээ болон тасралтгүй сайжруулалтыг олон улсын стандартын түвшинд ханган ажиллаж буйн илэрхийлэл юм.

АЙ СИ ТИ ГРУПП ХК нь цаашид мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны үр нөлөөг тогтмол дээшлүүлж, тасралтгүй сайжруулж, холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг чанд мөрдөн, харилцагч, түнш байгууллагуудынхаа мэдээллийг хамгаалж, найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой хүргэн ажиллах болно.