GIS өгөгдөл нь тодорхой байршлын уртраг, өргөрөг, хаяг эсвэл ZIP код гэх мэт байршилтай холбоотой чухал мэдээллийг өгөх боломжтой байдаг. Мөн хүн амын тоо, боловсрол, орлогын түвшин, ландшафтын байгаль орчны онцлог зэрэг тодорхой газар нутагт амьдардаг хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч агуулах боломжтой.
Газарзүйн мэдээллийн систем нь хүрээлэн буй орчин, хүн ам зүй, байр зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог тул аливаа бизнес, салбарын шийдвэр гаргах хүчирхэг хэрэгсэл болдог.
Бизнесийн шийдвэр гаргалтад GIS-ийг хэрхэн ашиглах вэ?
- Замын мэдээлэл, ослын шинжилгээ хийх
Ослын байршил тодорхойлох, замын ерөнхий мэдээлэл гаргах, хар цэг буюу осол хамгийн их болж буй цэгийг тодорхойлох, замын хөдөлгөөний мэдээллийг үнэн бодитой гаргах зэрэгт GIS системийг ашигладаг. Ингэснээр замын хөдөлгөөнийг эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах зэрэгт илүү оновчтой шийдвэр гаргалт бий болдог.
- Үйлдвэрлэл, нийлүүлэлт
Нийлүүлэгч дэлгүүрийн байршлыг тогтоох, түгээлтийн төлөвлөлт гаргах, үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлох гэх зэргээр оновчтой шийдвэр гаргах боломжийг GIS систем олгодог. Энэ нь хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн багтаамж, боломж гэх зэрэг мэдээлэлд үндэслэдэг тул зардлыг бууруулах давуу талтай.
- Нийтийн тээврийн төлөвлөлт
GIS-д байгаль орчны болон төвлөрлийн мэдээллийг нэмснээр компаниуд шинэ зам, маршрутыг төлөвлөх боломжтой болдог. Энэ нь ялангуяа такси, нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад давуу байдлыг бий болгодог.
- Газар тариалан
Тухайн газрын хөрсний мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр ургах хамгийн тохиромжтой үр тариа болон тохиромжтой аргачлал боловсруулах боломжийг GIS систем олгодог. Ингэснээр хүнсний үйлдвэрлэл нэмэгдэх, байгаль орчныг хамгаалах боломж бүрдэх юм.
- Харилцаа холбоо
Харилцаа холбооны компаниуд сүлжээгээ төлөвлөхөд GIS мэдээлэлд тулгуурладаг. Энэ нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, оновчтой сайжруулалт, төлөвлөлт хийх боломжийг олгодог.
- Боловсролын салбар
Боловсролын тэгш хүртээмжийг сайжруулахад GIS систем тусална. Сургууль, цэцэрлэгийн багтаамж, тухайн бүсийн хүн амын тоо, насны бүтэц зэрэг дээр анализ хийн боловсролын хүртээмжийг сайжруулах боломжтой.
- Үл хөдлөх
Бүс нутгийн төвлөрөл, орлогын бүтэц, нас хүйсийн харьцаа зэрэг мэдээлэлд анализ хийн барилгын ажлыг төлөвлөх, үл хөдлөхийн үнийг тодорхойлох гэх зэрэгт GIS датаг ашиглаж болно.
- Даатгалын салбар
Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын онц, ноцтой үзэгдлүүд нь даатгалын салбарын ашиг, алдагдлын харьцаа болон багцаа хэрхэн удирдахад чухал нөлөө үзүүлсээр байгаа. Иймд үл хөдлөх хөрөнгийн даатгалын зах зээл эрсдэлийн талаар илүү гүнзгий ойлголттой байхыг шаарддаг. Энэ нөхцөлд GIS байршил, үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийг нарийн тодорхой түвшинд ойлгох боломжийг олгож, үнэн зөв үнэ тогтоох, багцаа удирдах, эрсдэлийн талаар мэдээллээр хангах боломжийг бий болгодог.
- Банкны салбар
Банкны үйл ажиллагаа, амжилт нь үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх чадвараас ихээхэн хамаардаг. GIS мэдээлэл нь банкны салбарын төлөвлөлт, зохион байгуулалт, шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Хот төлөвлөлт
GIS өгөгдөлд тулгуурлан хотын нягтаршил, төлөвлөлтөд анализ хийх боломжтой. Ингэснээр шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тодорхойлох гэх зэргээр хот төлөвлөлтийг илүү ухаалаг болгодог.
GIS системийн гол давуу тал нь газарзүйн мэдээлэлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, зардлыг бууруулах, өрсөлдөөнд давуу байдал бий болгох боломжийг бүрдүүлэх юм. Геологи, уул уурхай болон нийгмийн аюулгүй байдлын салбарт GIS системийг түгээмэл ашигладаг. Хаягжилтийг тодорхой болгосноор нийгмийн аюулгүй байдлын салбар болох түргэн тусламж, гал, онцгой байдлын албанд цаг хэмнэх, иргэдийн эрсдэлд өртөх магадлалыг буруулах давуу талыг бий болгож байна.