Блог

Компани хэрэглэгч хоёрын дунд итгэлцлийг хэрхэн бий болгох вэ?

2021-11-23

Аливаа компанийн хувьд B2B эсвэл B2C байхаас үл хамааран урт хугацаанд оршин тогтнох үндэс нь хэрэглэгчид юм. Шинэ хэрэглэгчийг татахаас гадна байнгын хэрэглэгчдийг тогтоон барих, итгэлцлийг бий болгох гэдэг хамгийн чухал. Түүнчлэн компани хэрэглэгч хоёрын дунд итгэлцэл бий болох нь өрсөлдөгчөөсөө ялгарахад чухал үүрэгтэй. Тэгвэл энэхүү хэрэглэгч болон компанийн дундах итгэлцлийг хэрхэн бий болгох вэ? 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах

Орчин үед сошиал хаяггүй бизнесийн байгууллага гэж бараг байхгүй байх. Энэхүү олон нийтийн  мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол хэрэглэгчиддээ мэдээллээр хангах, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсох, өөрсдийн бизнесийн түүх, амжилтаа хуваалцаж байх хэрэгтэй. Судалгаагаар хэрэглэгчдийн 94% нь мэдээлэл нь ил тод байгууллагад үнэнч хэрэглэгч байсаар байна гэжээ. Үүнээс гадна тэдний 73% нь ил тод компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү их мөнгө төлөхөд бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс өөрсдийн олон нийтийн мэдээллийн сувгийг ашиглан хэрэглэгчиддээ мэдлэг, мэдээллийг тогтмол өгч байх чухал.

Хэрэглэгчийн мэдээллийн сан болон нууцлал

Байгууллагын хувьд хэрэглэгчдийн мэдээллийн санг (CRM) бий болгох нь бүхий л салбарын аж ахуй нэгжүүдийн анхаарч буй алхам билээ. Энэ нь байнгын хэрэглэгчиддээ танин урамшуулах, харилцаа холбоо үүсэх, арчлах боломжийг олгодог бөгөөд компани хэрэглэгч хоёрын дунд итгэлцлийг бий болгоход нөлөөлдөг. Нөгөө талаас тухайн мэдээллийг хэрхэн, яаж хадгалах болон нууцлах вэ? гэдэг маш чухал. Учир нь хэрэглэгчид танай байгууллагад итгэл хүлээлгэн өөрийн мэдээллийг үлдээдэг бөгөөд тэрхүү мэдээллийг бусдад задрах, өөр зорилгоор ашиглагдах зэргийг хүлээн зөвшөөрөхгүй.

Компанийнхаа брэндингт анхаар

Брэнд бол тухайн байгууллагын бусдаас ялгарах, онцлог давуу талаа мэдрүүлэх, хоногшуулалтыг бий болгоход хамгийн чухал нөлөөтэй. Байгууллагууд тийм ч их чухалчилж ач холбогдол өгдөггүй ч лого, өнгө, слоган, вэбсайт, нэрийн хуудас, дизайны ажил бүр нь бусдаас ялгарахад гол хүчин зүйл болдог. Иймээс байгууллагынхаа брэндинг анхаарч түүгээр дамжуулан хэрэглэгчиддээ хоногшуулалт хийхэд анхаараарай.

Тогтвортой байдал

Хэрэв танай байгууллага чанартай бараа эсвэл үйлчилгээг хүргэхгүй бол бизнесийн амин сүнс болсон үнэнч үйлчлүүлэгчдийг олж авахгүй. Тогтмол чанартай өсөлтийг бий болгохыг зорьж байгаа бол алдаж оносон үйлчилгээ биш, тогтвортой чанартай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. 

“Тогтвортой байдал нь итгэлцлийг бий болгодог. Итгэлцэл үнэнч байдлыг бий болгодог. Үнэнч байдал нь таны бизнесийн амжилтыг бий болгодог. Иймээс тогтвортой байдал хамгийн чухал”

Холбоотой нийтлэл: Байгууллагын үр ашиггүй ажиллагаа хэрхэн илэрдэг вэ?

Амлалтаа биелүүл

Танай байгууллагын хэрэглэгч юу хүсч байгаа вэ? Мөн та юу хийж чадах вэ? Гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийг зөвхөн ашиг орлого талаас нь харж хэт их амлалт өгөх нь олон бизнес эрхлэгчдийн гаргадаг алдаа юм. Үйлчилгээний цар хүрээ нь жижиг эсвэл том эсэхээс үл хамааран үйлчилгээнд тохирсон хүлээлтийн үнэн өгөх хэрэгтэй. Ялангуяа мэдээллийн ил тод байдал нь үйлчлүүлэгчиддээ итгэх итгэлийг бий болгоход чухал ач холбогдолтой. Бодит байдлаас зөрөх хэт өндөр хүлээлт өгөх эсвэл тодорхойгүй байдал нь хэзээ ч байнгын тогтвортой үнэнч хэрэглэгчдийг бий болгодоггүй.

Харилцагчийн үйлчилгээнд анхаарлаа хандуул

Ямар ч бүтээгдэхүүн төгс байдаггүй. Маш нарийн боловсруулсан зүйл хүртэл алдаа гарах тохиолдол байдаг. Итгэмжлэгдсэн байгууллагын бусдаас ялгарч буй зүйл бол хэрэглэгчдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйтай холбоотой. Иймээс хэрэглэгчдийн шүүмжлэл бүрийг нухацтай авч үзээрэй. Цаашлаад тухайн хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авсан эсэх мөн асуудлыг ямар хугацаанд шийдвэрлэх боломжтой зэрэг мэдээллээр хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн санал хүсэлтэд хэдий чинээ их хариу үйлдэл үзүүлнэ төдий чинээ танай байгууллагад итгэх итгэлцэл бий болж байдаг.