Блог

Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал

2021-12-18

Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь хэн нэгэн таны мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлсэн үсэг, тоо, тэмдэгт холилдсон нууц үгийн тухай хялбар ойлголт биш юм. Мэдээллийн аюулгүй байдал гэдэгт бид мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, ашиглах, задруулах, тасалдуулах, өөрчлөх, шалгах, бүртгэх, устгахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн ойлгох нь чухал. Бид интернэт хэрэглэж, нийгмийн харилцаанд оролцож л байгаа бол та, бидний талаарх мэдээлэл биет эсвэл биет бус хэлбэрээр хаа нэгтээ гаднын эсвэл дотоодын дата төвд хадгалагдсаар л байна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс хувь хүний зүгээс өөрийн хувийн мэдээллийг нууцлалтай, ил тод ашиглуулахгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ?

Хүчтэй нууц үгтэй байх

Хувийн мэдээлэлдээ анхаарч эхлэх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол НУУЦ үг. Тоо, үсэг, тэмдэгт холилдсон та болон таны гар утас, төрсөн өдөр гэх мэт нийтэд ил байж болохуйц тоон мэдээлэл агуулаагүй мөн байнга санаж байхуйц нууц үгтэй болох. Ингэснээр та хувь хүний сошиал хаяг, имэйлд нэвтрэх халдлагаар урьдчилан сэргийлж чадна.

Two-factor authentication

Нууц үгтэй холбоотойгоор дараагийн бидний анхаарах зүйл бол Two-factor authentication. Сүүлийн жилүүдэд имэйл, сошиал орчин болоод финтекийн салбарт хувь хүний аккаунт, хэтэвчрүү халдах тохиолдол нилээдгүй газар авсантай холбоотой two factor authentication – ыг заавал идэвхижүүлэх шаардлага бий болсон. Энэ нь таны хэрэглэж буй сошиал аккаунт, аппликэйшнүүдэд түгээмэл байх ба та өөрийн аккаунтруу гаднын хүн нэвтрэхээс сэргийлэн утасны дугаар эсвэл и-мэйл хаягтаа 4-6 оронтой тоо хүлээн аван талбарт бөглөн өөрийгөө баталгаажуулж буй хувийн аюулгүй байдлаа хамгаалах хэрэгсэл юм.

Биометрик өгөгдлөө хамгаалах

Бид бүгд бусдаасаа ялгарах нүүр царай, хурууны хээ, нүдний өнгө, дуу авиа, зан чанарыг агуулдаг. Тэгвэл сүүлийн үед техник технологийн хөгжил бидэнд нууц үг, пин кодыг оруулахын оронд өөрийн дахин давтагдашгүй биометрик өгөгдлөө ашиглан өөрийн хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжөө удирдах, нэвтрэх зэрэг боломжийг бий болгож байна.

Тиймээс бид өөрсдийн энэхүү дахин давтагдашгүй өгөгдлийг нүүр царай, дуу хоолой хувиргах аппликэйшн, тоглоом, сонжоо зэрэг зүйлсэд ашиглахгүй байх нь аливаа эрсдэлээс сэргийлнэ.

Аливаа холбоост хянамгай хандах

Хэрвээ та ажигласан бол бид өдөр бүр цахим орчинд аливаа мэдээллийг дэлгэрэнгүй уншиж, танилцах, өөрт хэрэгтэй файл татан авах, санал өгөх, сонжоо бөглөх гэх мэт зорилгоор холбоос бүхий линк дээр дарж цааш нэвтрэн ордог.  Гэвч энэ бүхний цаана таны мэдээлэл хаана, хэнд очиж, юунд бүртгэгдэж байгааг бид анзаарах  мэдэхгүй бас анзаарахгүй байснаар өөрийн хувийн мэдээллээ бусдад алдах эрсдэлийг дагуулж байна.