Мэдээ

Технологийн хийж чадахгүй байгаа зүйлс

2021-11-15

Аж үйлдвэрийн IV хувьсгалд өртөөгүй хувь хүн, аж ахуй нэгж, байгууллага гэж үгүй. Хүн төрөлхтөн цаасан мөнгөөр бүхий л худалдан авалтыг хийдэг байсан  үе саяхан. Харин өнөөдөр хүн бүр ухаалаг утсан дээрх хэтэвчнээсээ орон зайг үл хамааран төлбөр тооцоог хийж байна. Энэ мэтчилэн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч аль хэдийн энгийн зүйл мэт санагдах болжээ. Цаашид ч технологигүйгээр төсөөлж чадахгүй болох ямар хэрэглээ бидэнд гарч ирэхийг таашгүй. Технологи бүхий л зүйлсийг орлох эсэх нь ганцхан цаг хугацаанаас хамаарах биз ээ.

Бизнесийн салбаруудын дунд хийсэн судалгаагаар 12 салбарын 900 гаруй гүйцэтгэх захирлуудын 29 хувь нь “Дижитал шилжилт, технологийн нөлөөнд бизнес нь бага өртөнө” гэсэн бол 30 гаруй хувь нь “хүчтэй өртөнө” гэсэн хариултыг өгчээ.

Дээрх судалгааг баталсан нэг жишээ нь Ковид 19 цар тахал юм. Дэлхий дахинд цар тахал гарснаар хүн төрөлхтөн олон өөрчлөлттэй нүүр тулсан бол бизнесийн салбарыг маш хурдтайгаар технологийн хувьсгалыг хийхийг шаардсан өдөр хоногууд өнгөрчээ. Энэхүү хувьсгал өөрчлөлтөд маш хурдан оновчтой хариу үйлдэл үзүүлж, технологийн өөрчлөлтийг амжилттай хийж чадсан байгууллага цар тахлын шуурганд тэсч үлдэж чадсан бол харамсалтайгаар дууссан ч түүх багагүй хувийг эзэлдэг. 

Гэхдээ нийтлэг ойлголтоор бизнестээ технологийг нэвтрүүлчих юм бол компанийн борлуулалт нэмэгдэх, тогтмол ашигтай ажиллана гэсэн ташаа ойлголтууд бий. Мэдээж техник, технологи нь хүний оролцоог багасгаж, хөнгөвчилж, компанийн урт удаан оршин тогтнуулж  чадах ч хараахан бүрэн дүүрэн орлож чадахгүй зүйлүүд байгааг анхаарах хэрэгтэй. Тэгвэл бизнесийн салбарт технологи ямар ажил, мэргэжлийг хараахан орлож чадахгүй хүний оролцоог шаардаад  байгаа талаар товчхон сонирхъё.

  1. Сайн боловсон хүчин ажилд авах буюу хүний нөөц

Компанийн хамгийн үнэт баялаг бол тухайн байгууллагын хүний нөөц. Тиймдээ ч сайн боловсон хүчин бэлдэх, ажилд авахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг тус салбарыг технологи хараахан орлоогүй байна. Хиймэл оюун ухаан илүү ухаалаг, илүү уян хатан, илүү дэвшилтэт болж байгаа хэдий ч зөвхөн хүнд л агуулагддаг сэтгэл зүй, мэдрэмжийг орлох тийм ч хялбар биш биз ээ. 


  1. Байгууллагын дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь

Танай байгууллагын алба хэлтэс, дотоод зохион байгуулалт муутай бол хамгийн сайн технологийн платформыг нэвтрүүлсэн ч тус асуудлыг шийдэж чадахгүй юм. 1970-1991 онд LEGO компани өргөжиж байх үедээ компанийн зохион байгуулалт, багуудын хоорондох харилцаа холбоо, ажил үүргийн буруу хуваарилалтаас болж борлуулалт нь тогтмол буурч байсан гэгддэг.


  1. Брэндийн онцлог, үнэт зүйл

Компанийн нэр, лого болон үндсэн үнэт зүйлс нь хүний бодол оюун санааны тусламжтайгаар бүтээгдсээр байна. Дээрх зүйлсийг орлохын тулд технологийг нэлээдгүй сайжруулах хэрэгтэй байх.

Эцэст нь дүгнээд хэлэхэд дижитал шилжилт нь бизнесийн тогтвортой байдал, урт хугацааны давуу байдлыг хадгалах стратегийн нэг хэлбэр бол нөгөөтэйгүүр энгийн өөрчлөлтийн тухай гэж хэлж болно. Энэ өөрчлөлт шинэчлэлтэд хэн хурдан хувьсаж бизнесийн арга барилаа өөрчилж чадсан нь урт удаан оршин тогтнох суурь болоод байна.