Мэдээ

Cloud computing-The best economically beneficial solution is cloud computing

2022-01-18

Cloud computing буюу үүлэн тооцоолол нь сүлжээнд холбогдсон програм хангамж болон техник тоног төхөөрөмжийг уян хатан удирдах боломж юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн бүхий л төрлийн үйлчилгээг интернетээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх, үйл ажиллагаагаа явуулах шийдэл юм. Үнэн хэрэгтээ ихэнх хүмүүс үүлэн тооцооллын олон төрлийн үйлчилгээг өөрөө ч мэдэлгүй ашигладаг. Gmail, Google Drive, TurboTax, тэр ч байтугай Amazon, Facebook, Instagram хүртэл бүгд үүлэн дээр суурилсан програмууд юм. Эдгээр бүх үйлчилгээний хувьд хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллээ үүлэн сервер рүү илгээж, дараа нь хандах зорилгоор мэдээллийг хадгалдаг. 

Үүлэн тооцоолол нь эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай шийдэл бөгөөд бизнесүүдийн хувьд физик тоног төхөөрөмжийн зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдээ илүү сайн, хялбар, ухаалаг үйлчилгээ үзүүлэх, биет ашгаа нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж байна. 

Гэвч зөвхөн физик тоног төхөөрөмж, үүнтэй холбоотой зардал л үүлэн тооцооллын цорын ганц давуу байдал нь биш юм. 

Тоон мэдээлэл

Бид дижитал эрин үе рүү  ахих тусам “мэдлэг бол хүч” гэсэн эртний зүйр үг “Өгөгдөл бол мөнгө” гэсэн илүү орчин үеийн бөгөөд үнэн зөв хэлбэртэй болсон нь улам бүр тодорхой болж байна. Таны харилцагчийн гүйлгээ, бизнесийн үйл явцыг тойрсон сая сая бит өгөгдлийн дотор үнэлж баршгүй, хэрэгжих боломжтой мэдээллүүд нуугдаж байдаг. Олон сая бит өгөгдлийг механикаар ангилж ялгаж боловсруулна гэдэг бараг боломжгүй. Cloud-based storage буюу үүлэнд суурилсан хадгалах систем нь байгууллагын датаг илүү өргөн хүрээнд харахын тулд үүлэнд суурилсан аналитикийг санал болгодог. Ингэснээр шийдвэр гаргалтууд илүү оновчтой болж үр ашгийг нэмэгдүүлж чаддаг. 

Эрсдэлийн менежмент

Бизнесийн амжилтад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг бол эрсдэлийн менежмент юм. Хэдий эрсдэл бүрийг тооцох чадвар сайтай байлаа ч хяналтаас гадуур зүйлс үргэлж тохиолдож байдаг. Өнөөгийн зах зээлд бага хэмжээний үр ашиггүй зогсолт ч гэсэн нөхөж баршгүй сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Бизнесийн өгөгдөл алдах, нөхөн сэргээх хугацаатай холбоотой үйлчилгээний түр зогсолт нь бүтээмж, орлого, брэндийн нэр хүндийг хүртэл алдахад хүргэдэг. 

Мэдээж эрсдэлийг бүрэн зогсоох боломжгүй ч эрсдэлээс үүдэн алдагдсан өгөгдлийг нөхөн сэргээх хугацааг хурдасгах боломж бий. 

Үүлэнд суурилсан үйлчилгээ нь байгалийн гамшгаас эхлээд цахилгаан тасрах хүртэлх бүх төрлийн онцгой байдлын үед өгөгдлийг хурдан сэргээх боломжийг олгодог. Үүлэн систем хэрэглэгчдийн 20% нь алдсан өгөгдлөө 4-с бага цагийн дотор сэргээдэг бол физик төхөөрөмжтэй хэрэглэгчид 9% нь л ижил үр дүн үзүүлжээ. 

Тогтвортой хөгжил 

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилрүү чиглэх нь байгууллага бүрийн үүрэг болж байна. Тогтвортой байдлын төлөөх бодит үйл ажиллагаа нь бизнесийн бүх түвшинд дэх үрэлгэн байдлыг арилгах шийдлүүдийг шаардах болсон. Үүлэн тооцоолол нь байгаль орчинд ээлтэй төдийгүй нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад тусладаг, байгальд ээлтэй шийдэл юм. 

Үүлэн дэд бүтэц нь байгаль орчны үйл ажиллагааг дэмжиж, биет бүтээгдэхүүн, техник хангамжаас илүү виртуал үйлчилгээг эрчимжүүлж, цаасны хаягдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, тээврийн хэрэгслийн утааг бууруулахад тусалдаг. Pike Research-ийн тайланд үүлэн тооцоолол болон бусад виртуал өгөгдлийн сонголтуудыг нэвтрүүлснээр дата төвийн эрчим хүчний хэрэглээ 2010-2020 он хүртэл 31 хувиар буурсан гэсэн тооцоо байна. 

Үүлэн тооцоолол бизнест өрсөлдөөний давуу байдал, үр ашгийн өсөлтийг авчирдаг чухал шийдэл болохыг хэд хэдэн жишээгээр дурдлаа. Verizon-ийн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 77% нь үүлэн технологи нь тэдэнд өрсөлдөх давуу тал олгодог гэж үздэг бөгөөд 16% нь энэ давуу тал нь нэн чухал үзүүлэлт гэж үзжээ.